
Шар будаа нь маш эртний үр тарианы төрөл бөгөөд байгалиасаа цэвэр ямар ч генийн өөрчлөлтгүй, цавуулаг агуулдаггүйгээс гадна харшил үүсгэдэггүй, шим тэжээлийн агууламж өндөртэй учир хамгийн эрүүл ашигтай хоол хүнсний жагсаалтанд ордог. Шар будаан нь Ниацин (В3) аминдэмээр баялаг учир эрүүл арьстай байхад чухал үүрэгтэй, Гликемийн индекс (GI) 52 нэгж байдаг нь цусан дахь сахарын хэмжээг хянахад чухал үүрэгтэй. Уусдаг болон уусдаггүй эслэгийн агууламж нь цусан дахь холестерины хэмжээг бууруулж, зүрх судасны өвчнөөс сэргийлнэ. Магни (Mg) элементийн сайн эх үүсвэр бөгөөд зүрхний дутагдлаас сэргийлнэ.А аминдэм, таннин, фитат, фенолын агууламжууд нь хөгшрөх үйл явцыг удаашруулах чухал үүрэгтэй. Хүний бие махбодид нэн шаардлагатай макро-микро элемент, витамин, эслэгээр баялаг ба цогц нүүрс ус агуулдаг тул энергиэр хангаж эрч хүчийг нэмэгдүүлдэг. Уламжлалт анагаах ухаанд шар будаа нь бие махбодийг бэхжүүлж, тамир тэнхээг сэргээж, хүч чадал өгдөг чухал бүтээгдхүүн гэж үздэг.
Шар будааны ашиг тус нь хүний биеийн хэд хэдэн эрхтэн системд хүрч нөлөөлдөг.
Ходоод гэдэсний зам: Шар будаанд эслэг ба полифенолын хэмжээ их байгаа нь муу холестрины хэмжээг бууруулж, сайн холестрины хэмжээг хэвийн болгодог. Мөн хоол боловсруулах чадварыг сайжруулж, өтгөн хаталт, хий үүсэх, гэдэс базлахыг арилгах боломжтой. Цаашлаад ходоод гэдэсний замын хүнд өвчин тусах магадлалыг бууруулдаг. Шар будаанд агуулагддаг нүүрс устөрөгчийн цогц нь цусан дахь глюкозын хэмжээг бууруулж, инсулин үйлдвэрлэхэд тусалдаг. Тиймээс чихрийн шижин өвчтэй хүмүүс хүнсэндээ хэрэглэхэд аюулгүй.
Цус үүсгэгч систем: Шар будаа нь хүний биед агуулагдах триглицеридийн түвшинг бууруулж, цусыг шингэрүүлж, ялтас ялгарч бөөгнөрөхөөс сэргийлж, титэм судасны эмгэг үүсэх эрсдлийг бууруулдаг. Шар будаан дахь төмөр ба зэс нь цус багадалтаас сэргийлж цусны улаан эс боловсруулахад оролцдог.
Зүрх судасны систем: Шар будаа бол байгалийн магнийн эх үүсвэр юм. Цусны даралтыг бууруулж, артерийн судасны хатуурлын үед түгээмэл тохиолддог зүрхний шигдээс, тархинд цус харвах эрсдлээс сэргийлдэг. Шар будаан дахь кали нь цусны даралтыг бууруулж, судсыг тэлдэг.
Мэдрэлийн систем ба сэтгэцийн байдал: Витамин В1 нь ой тогтоолтыг сайжруулж уур уцаар, ядаргааг багасгаж сэтгэлийн хямралыг арилгадаг.Шар будаан дахь триптофан нь серотонины түвшинг нэмэгдүүлдэг. Энэ нь сэтгэлийн хямралыг даван туулах, сэтгэлийн хямралаас зайлсхийхэд тусалдаг. Мөн нойрны чанарт сайнаар нөлөөлж тайвшруулдаг.
Шээс боловсруулах систем: Хорт бодисыг биеэс гадагшлуулж, бөөрний үйл ажиллагааг сайжруулж, хүнд металлын нөлөөг саармагжуулдаг. Мөн усанд чанасан шар будааны зутан нь эмчилгээний дараа антибиотикийг биеэс зайлуулж чаддаг.
Метаболизм: Манганы агууламж нь бие махбодь дахь бодисын солилцооны үйл ажиллагааг идэвхжүүлж, эсийн нөхөн төлжилтийг сайжруулдаг. Витамин В2 нь арьс үсийг эрүүл байхад оролцдог, фтор нь шүдний эрүүл мэндэд тустай. Биенд өөх хуримтлагдах үйл явцыг удаашруулж жин хасахад эерэг нөлөө үзүүлдэг.
